суббота, 8 октября 2011 г.

Дэлхийн гайхамшигт газрууд

Байгаль эхийн бүтээсэн гайхамшигт зүйлс дэлхийн өнцөг булан бүрт бий. Үүнээс гадна хүний гараар бүтсэн гайхамшигт газрууд ч бас бий. Тэдгээрийн заримаас нь товч танилцуулъя. Танилцуулгыг бэлтгэхдээ нээлттэй эх сурвалжуудыг ашиглав.
Усан гүүр
Дэлхийн анхны аква хүрээлэнг 1989 онд Бразилийн Форталеза хотын ойролцоо барьжээ. Тухайн үедээ 3 усан гүүр, наран шарлагын жижигхэн газартайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн бол өдгөө 180 000 кв.м талбайг хамарч ресторан, музей, цэнгэлдэх хүрээлэн, зочид буудал, мөн маш том аква хүрээлэн бүхий аялал жуулчлалын том цогцолбор болж чаджээ. Аква хүрээлэнгийн “Инсано” усан гүүр нь дэлхийн хамгийн өндөрт тооцогддог бөгөөд энэхүү амжилтаараа Гиннессийн номонд бичигдсэн байдаг байна. Түүний өндөр нь 41 м. Энэ нь 14 давхар барилгаас бага зэрэг өндөр гэсэн үг аж. Гүүрээр доош гулгахад 4-5 секунд зарцуулдаг ба дунджаар 105 км/цагийн хурдтай буудаг гэнэ. Хүүхэд болон зүрх судасны өвчтэй, жирэмсэн, илүүдэл жинтэй, мөн 140 см-ээс намхан хүмүүст энэ гүүрээр гулгахыг хориглодог байна.
Гэр-чулуу
Португалийн Фафе хотоос холгүй газарт 1974 онд нэгэн гайхалтай байшинг барьжээ. Энэ гэр алдарт Флинтстоун хүүхэлдэйн кинон дээр гардаг байшинг санагдуулдаг гэнэ. Үнэндээ энэ гэрийг барьсан барилгачид дөрвөн ургаа чулууг ашиглан хийсэн аж. Дотроо 2 давхартай, ил зуухтай, мөн усан сантай гэнэ. Цонх, хаалгыг нь сум нэвтэрдэггүй материалаар хийсэн байдаг хэдий ч байшинг бариулсан эзэн нь өдгөө эндээ амьдардаггүй юм байна.

“Кремлин Палас” зочид буудал
“Wow Kremlin Palace 5” буюу товчоор Кремлин Палас нь Туркийн Анталия хотын хамгийн алдартай зочид буудлуудын нэг юм. Москвагийн Кремлийг дуурайлган барьсан байдаг бөгөөд зочид буудлын орчин нь гайхамшигтай үзэсгэлэнтэй аж. Эргэн тойрных нь ургамал, мод нь мөнх ногооноороо байж өнгө өнгийн цэцэгс алаглан зочид буудлын гаднах төрхийг гайхамшигтай болгодог байна. Усан спорт, наран шарлагын газарт дурладаг хүмүүс энэ газрыг зорих нь их байдаг аж. Мөн залуус ч энд цагийг уйдахааргүй, мартагдашгүй өнгөрөөх болно гэнэ.
Бурж Халифа цамхаг
Энэ цамхагийг анх Бурж Дубай гэж нэрийдэж байсан боловч 2010 оны дөрөвдүгээр сард хийсэн нээлтийн ажиллагаан дээр Арабын нэгдсэн Эмират улсын өнөөгийн Ерөнхийлөгчийн нэрээр нэрлэх болсныг зарлан тунхаглажээ. Өдгөө энэ цамхаг дэлхийн хэд хэдэн амжилтыг эвдэж чадав. 2007 оноос дэлхийн хамгийн өндөр барилга, 2008 оноос бүх цаг үеийн хамгийн өндөр байгууламж гэж нэрлэгдэх болов. Бурж Халифа цамхагийн өндөр нь 828 м, 163 давхартай. Салхи, нарны эрчим хүчний эх үүсвэртэй. Цамхагийг барихад +50 хэмийн халууныг тэсвэрлэх чадвартай онцгой маркийн бетоныг тусгайлан боловсруулсан гэдэг. Ийм бетоныг шөнө цутгадаг ба найрлаганд нь их хэмжээний мөс ордог байна.
Анх “хот доторх хот” хэлбэрээр барих төлөвлөгөөтэй байжээ. Өөрөөр хэлбэл, цамхаг нь дотроо гудамж талбайтай, зүлэгтэй, цэцэрлэгт хүрээлэнтэй байхаас гадна 65 лифт угсрахаар төлөвлөж байгаа гэж байв.
Энэ оны сүүлчээр буюу арванхоёрдугаар сарын 15-нд “Биелэгдэшгүй даалгавар-4” (Mission: Impossible — Ghost Protocol) киноны нээлт болно. Энэ киноны хамгийн чухал хэсгүүдийн зураг авалтыг Бурж Халифа цамхаг дотор авсан аж. Тиймээс үзэгчид энэ цамхагийг кинон дээрээс харах боломжтой болох нь.
“Ломбард стрийт” гудамж
Сан-Франциско хот 42 толгод дээр оршдог гэдэг. Энэ хотод Lombard street гэж нэртэй гудамж бий. Уг гудам 27 хэмийн налуутай гүвээн дээр орших агаад огцом найман эргэлттэй аж. Иймээс “Америкийн хамгийн олон эргүүлэгтэй гудамж” гэсэн алдрыг зүй ёсоор хүртэж жуулчдын очих дуртай газрын нэг болжээ.
Гудамжийг олон эргүүлэгтэй болгох санааг Карл Хенри гэгч 1922 онд бодож олжээ. Тэрээр энэ гүвээг автомашин болон явган зорчигчдын хувьд хэтэрхий аюултай болохыг ойлгосон аж. Ингээд 1923 онд гудамжийг олон эргүүлэгтэй болгосноор дээрх аюулуудаас ангижирч чадсан байна.
2001 онд хотын захиргааныхан Ломбард гудамжинд машин явахыг хориглох шийдвэр гаргах гэснээ больж нэг чигийн хөдөлгөөнтэй болгон зорчих дээд хурдад 10 км/ц-ийн хязгаар тогтоосноос гадна зам дээр машин орхиж явахыг хориглох шийдвэр гаргажээ.
Дэлхийн хамгийн гоё гудамжны нэгд зүй ёсоор тооцогддог учир Ломбард гудамжийг сурталчилгаа болон киноны зураг авалтад нэг бус удаа ашигласан байдаг аж. Түүнчлэн компьютерийн “Grand Theft Auto: San Andreas” нэртэй тоглоомонд уг гудамжны загварыг дуурайлган бүтээсэн байдаг гэнэ.
Буддын хөшөө
Хятадын Сычуань мужийн Лешань дүүрэгт Будда Майтреяагийн хөшөө бий. Энэ бол дэлхий дээрх Буддагийн хамгийн өндөр хөшөө аж. Мянга гаруй жилийн турш түүнийг дэлхийн хамгийн гайхамшигтай бүтээлүүдийн нэгд тооцсоор иржээ. Энэ хөшөөг Линъюньшань уулын хаданд сийлсэн байдаг бөгөөд Тан династийн үед буюу 713 оноос эхлэн 90 жилийн турш бүтээсэн гэдэг. Хөшөөний өндөр нь 71 м, толгойны өндөр нь 15 м, мөрний хэмжээ 30 м, гарын хурууны урт 8 м, хөлийн хурууны урт 1.6 м, хамрын урт нь 5.5 м аж. Энэ гайхамшигт бүтээлийг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэсэн байдаг байна.
17 дугаар зууны дунд үе хүртэл энэ хөшөөг 13 давхар сүмээр халхлан хамгаалж байжээ. Гэвч сүм нь түймрийн улмаас шатсан аж. Хөшөөтэй хаданд мөн бодьсадва нарын 90 дүрсийг сийлсэн байдаг гэнэ. Буддын хөшөөг үзэхийн тулд 70 юань төлдөг байна.
Desert breath
   
Египетийн Эль-Гуна хотоос холгүй орших байгууламж. Нэрийг нь үгчлэн орчуулбал “Цөлийн амьсгал” гэсэн утгатай. Уран барималч, проекторчин, архитекторч мэргэжилтэй 3 залуу DAST (нэрүүдийнх нь эхний үсэг) хэмээх баг байгуулан цөл газарт гайхамшигт үзвэр бүтээхийг хүсч хоёр жилийн хугацаанд 100 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд энэхүү зүйлийг бүтээн 1997 онд дуусгасан аж. Байгууламжийн төвд орших шавар нүхийг усаар дүүргэхэд жижиг арал шиг харагддаг гэнэ.
Дүүжлүүлсэн хүн
   
Чехийн Прага хотноо Гусовагийн гудамжны нэг байшин дээрээс хүний баримал өлгөөстэй байдаг байна. Өөрийн өвөрмөц содон бүтээлүүдээрээ Прагад битгий хэл дэлхий дахинаа танигдсан Давид Черный гэх уран барималч энэ бүтээлийн эзэн нь аж. Холоос дүүжлэгдсэн мэт харагдах авч ойртоод харвал модноос гараараа зуурсан байгаа нь мэдэгддэг байна. Зарим хүн түүнийг В.Лениний баримал гэж үздэг бол үнэндээ энэ бол Зигмунд Фрейд (Австрийн мэдрэлийн эмч асан)-ийн баримал аж. Энэ баримлын нэг санаа нь дарга, сэхээтнүүд энгийн ард түмний амьдралаас хэрхэн хөндийрснийг харуулахад оршсон аж.
Сан Альфонсо дель Мар
Чилийн Альгарробо хотод байдаг энэ амралтын газар дэлхийн хамгийн том хиймэл усан сангаараа алдаршжээ. Сан Альфонсо дель Мар нь нийслэл Сантьяго хотоос 100 км-ийн зайд оршдог аж.
1 км урттай, 8 га талбайг эзлэх энэхүү усан санг 250 мянган шоо метр цэвэр тунгалаг усаар дүүргэсэн байдаг байна. Энэ нь стандарт 6 усан сантай дүйцэхүйц хэмжээ гэнэ. Аварга том усан санг дэлхийн хамгийн томд зүй ёсоор тооцож Гиннессийн номонд бүртгэсэн байдаг. Түүнийг байгуулахад 1.5 тэрбум доллар зарцуулжээ. Далайн эрэг аварга загасаар буцалж, ус нь бохирдол ихтэй болсны улмаас эрх баригчид энэ санг байгуулах шийдвэрийг гаргасан аж. Гэвч тун удахгүй энэ сан дэлхийн хамгийн том гэсэн алдраа алдаж магадгүйд хүрээд байна. Учир нь энэ усан санг барьж байгуулсан компани нь Египетийн Шарм эль-Шейх хэмээх амралт, сувиллын газрын ойролцоох элсэн цөлд дэлхийн хамгийн том усан санг байгуулахаар зорьж байгаа аж.

Комментариев нет:

Отправить комментарий